iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.
iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.



Link to original content: https://mn.wikipedia.org/wiki/Уилт_Чемберлэн
Уилт Чемберлэн — Википедиа нэвтэрхий толь Jump to content

Уилт Чемберлэн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Уилт Чемберлэн (Англи: Wilt Chamberlain, бүтэн нэр нь Wilton Norman Chamberlain, 1936 оны 8 сарын 21 - 1999 оны 10 сарын 12) нь Америкийн Нэгдсэн Улсын сагсан бөмбөгч. 1960-аад оноос 1970-аад онд NBA-д тоглож байсан төвийн тоглогч. Тэрээр NBA-гийн маш олон төрлийн дээд амжилт тогтоожээ. Пеннсилвани муж улсын Филадельфи хотод төрсөн, өндөр нь 216см.

Мэргэжлийн тамирчин болохоос өмнө

[засварлах | кодоор засварлах]

Ахлах сургуульд байхдаа Овербрук сургуулийнхаа сагсан бөмбөгийн багт тоглож байсан бөгөөд түүнийг байсан 3 жилийн хугацаанд баг нь 56 ялж, 3 ялагдсан байдаг. Чемберлэн нэг тоглолтонд 90 оноо (түүнийхээ 60-ыг нь 12 минутанд) авч байсан удаатай. Багийнхан нь Чемберлэнийг самбараас авна гэдэгт итгэлтэй байдаг тул чөлөөт шидэлтээ албаар алддаг байжээ. Чемберлэн 1955 онд Америкийн ахлах сургуулиудын бэлгэдлийн шигшээ багт нэрлэгдэж байв.

Түүний биеийн онцлогоос нь болж "Wilt the Stilt" ("Модон хөлт Уилт") хэмээн тэр үеэс нэрлэх болсон бөгөөд Уилт өөрөө уг хочдоо дургүй байсан хэдий ч өргөн тархжээ. Мөн өндөр учраас хаалгаар орохдоо бөгтийдгөөс болж "The Big Dipper" ("Том шанага") хэмээх хочтой болсон.

200 гаруй их сургууль Чемберлэнийг авахаар хөөцөлдсөний эцэст Уилт Канзас их сургуулийг сонгожээ. Их сургуулийнхаа анхны тоглолтонд л багийнхаа түүхэнд хамгийн өндөр оноо болох 52 оноо авсан. 1957 онд баг нь NCAA-гийн шигшээ тоглолтонд хүрч, үзүүрлэсэн бөгөөд Уилт шилдэг тоглогчоор шалгарав. 3-р курст байхдаа "The Sporting News" сонины "Бүх Америкийн бэлгэдлийн шигшээ баг"-т багтжээ.

Чемберлэн ахлах сургууль болон их сургуульд байхдаа хөнгөн атлетикаар хичээллэдэг байв. 3-р курст байхдаа Конференцийн хөнгөн атлетикийн тэмцээнд өндрийн харайлтын төрлөөр аваргалж байсан, мөн 100 метрийн гүйлт, гурвын харайлтаар амжилт үзүүлж байв. Аварга биетэй хэрнээ 100 метрийн зайг 10.9 секундэд туулдаг байлаа.

Мэргэжлийн сагсан бөмбөг

[засварлах | кодоор засварлах]

1958 онд Чемберлэн мэргэжлийн тамирчин болохоор сэтгэл шулуудав. Харин 3-р курст байсан учраас дүрэм ёсоор NBA-д тоглох боломжгүй байлаа. Тиймээс Чемберлэн асар их цалингаар Харлем Глобетроттерс багт орж, нэг жил тоглосон.

Жилийн дараа драфтад оржээ. Тэр үед NBA-гийн багууд драфтын 1-р үед тамирчин сонгох эрхийнхээ оронд, нутгийнхаа тамирчныг сонгож болдог "Бүс нутгийн драфт" гэгдэх дүрэмтэй байсан бөгөөд тэр дүрмийн дагуу Филадельфи Уорриорз баг түүнийг сонгожээ.

NBA-гийн тамирчин

[засварлах | кодоор засварлах]

Шинэ тоглогч болсон 1959-60 оны улиралд дунджаар 37.6 оноо, 27 самбараас авалтаар шилдэг шинэ тоглогч болохын хамтаар MVP-г зэрэг хүртсэн анхны тоглогч болжээ. Түүнийг NBA-д тоглож байх үе нь Филадельфи багтай нэг дивизионд харьяалагддаг Бостон Селтикс багийн алтан үе байсан бөгөөд Билл Расселлийн тэргүүлсэн Бостонд 7 жил дараалан Плей-оффт хожигдон, шигшээ тоглолтонд шалгарч чадаагүй юм.

1962 онд Филадельфи Уорриорз баг Калифорни руу нүүж, Сан Франциско Уорриорз хэмээх нэртэй болсон. Уилт 1964-65 оны улирлаас төрөлх хотынхоо Филадельфи 76 баг руу шилжжээ.

1966-67 оны улиралд Филадельфи багийг Алекс Ханам удирдах болж, Чемберлен өмнөхөөсөө бага шидэлт гүйцэтгэж, авдаг оноо нь анх удаа 30-с бага болсон ч дамжуулалт нь эрс өсч, багийн амжилт нь ч сайжран анх удаа Селтиксийг ялж, тэр эрчээрээ анх удаа түрүүлжээ.

1968 онд Чемберлэн Лос Анжелес Лэйкерс багт шилжив. Нас ахихын хэрээр оноо, самбараас бөмбөг авах үзүүлэлт нь буурч байсан боловч тэр үед хүчирхэг байсан Лэйкерсийн гол тоглогчдын нэг болж, 1972 онд 2 дахь удаагаа аваргын цомыг гартаа атгажээ.

Тоглож байсан багууд

[засварлах | кодоор засварлах]
  • Оролцсон тоглолт: 1,045
  • Авсан оноо: 31,419 (1 тоглолтын дундаж 30.06)
  • Самбараас бөмбөг авалт 23,924 (1 тоглолтын дундаж 22.9)
  • Оновчтой дамжуулалт: 4,643 (1 тоглолтын дундаж 4.4)

Нийт авсан 31,419 оноогоороо түүхэнд Карим Абдул Жаббар, Карл Мэлоун, Майкл Жорданы дараа 4-т ордог.

Мөн дундаж оноо 30.06 нь Майкл Жордан (30.12)-ы дараа орох үзүүлэлт юм.

Чөлөөт шидэлтийн хувь 51% буюу маш доогуур үзүүлэлттэй.

Чемберлэний эзэмшдэг NBA-гийн зарим дээд амжилтаас дурьдвал,

  • Улирлын дундаж оноо: 50.4 (1961-62)
  • Улирлын нийт оноо: 4,029 (1961-62)
  • Нэг тоглолтонд оролцсон дундаж хугацаа: 48.5 минут (1961-62)
  • Нэг тоглолтонд авсан оноо: 100 (1962 оны 3 сарын 2-нд Нью Йорк Никсийн эсрэг тоглосон тоглолт, Пенсильван мужийн Херси хот)
  • Оновчтой шидэлтийн хувь: 72.7% (1972-73)

Хувийн шагналууд

[засварлах | кодоор засварлах]
  • Шилдэг тоглогч 4 удаа 1960, 1966-1968
  • Шилдэг шинэ тоглогч 1960
  • NBA-гийн нэгдүгээр баг 7 удаа 1960-1962, 1964, 1966-1968
  • NBA-гийн хоёрдугаар баг 3 удаа 1963, 1965, 1972
  • NBA-гийн хамгаалалтын нэгдүгээр баг 2 удаа 1972, 1973

1978 онд Сагсан бөмбөгийн Алдрын танхимд багтсан. 1996 онд "NBA-гийн 50 жилийн түүхэн дэх шилдэг 50 тоглогч"-ийн нэгээр нэрлэгдсэн.

1970-аад оны сүүлчээр мэргэжлийн воллейболын лиг "IVA"-д тоглож байсан бөгөөд мотоспорт, боксын тэмцээнүүдэд ч оролцож байв. Мөн 1966 онд америк хөлбөмбөгийн Канзас Сити Чифс баг түүнийг авах санал тавьж байжээ.

Зодог тайлсны дараа

[засварлах | кодоор засварлах]

1973 онд зодог тайлаад NBA-тэй өрсөлддөг байсан ABA лигийн Сан Диего Конкистадорс багийн дасгалжуулагчаар 1 жил ажиллав.

Мөн янз бүрийн спорт болон бизнест оролцож, 1984 онд Арнольд Шварценеггерийн гол дүрд нь тоглосон ""Conan the Destroyer" кинонд оролцон тоглосон.

1991 онд хэвлүүлсэн намтартаа 20,000 гаруй эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орсон тухайгаа бичсэн байдаг. Итгэхэд бэрх тоо боловч Мэжик Жонсон дархлалын олдмол хомсдолын халдвар авснаас болж зодог тайлаад байсан үе тул түүний хөнгөмсөг явдлыг шүүмжлэгчдийн тоо маш их байлаа.

1999 оны 10 сарын 12-нд гэртээ унтаж байхдаа зүрхний шигдээсээр 63 насандаа нас нөгчжээ.

NBA.com Уилт Чемберлэн (англи хэлээр)