iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.
iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.



Link to original content: https://mn.wikipedia.org/wiki/Библи
Библи — Википедиа нэвтэрхий толь Jump to content

Библи

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Гутенбергийн Библи, анхны хэвлэмэл Библи

Библи нь Иудейзм ба Христэд Итгэгчдийн хувьд Бүтээгч Эзэн буюу Тэнгэрбурханы хүн төрөлхтөнд дамжуулсан үг юм. Библи нь дан ганц цул ном биш, олон ном, эш үзүүлэгчдийн түүх, захидлын цогц юм. Библийн хамгийн эхний ном нь НТӨ 1500 оны үед, хамгийн сүүлийн ном нь НТ 100 оноос өмнө, нийтдээ 1600 жилийн хугацаанд 40 гаруй хүмүүсийн гараар бичигджээ.

Библи гэдэг үг нь койне грек хэлний τὰ βιβλία - ta biblia буюу "номнууд" гэх үгнээс үүүсэлтэй. Англи хэлний bibliography (ном зүй), орос хэлний библиотека (номын сан) гэх үгнүүд ч энэ үгнээс гаралтай.

Өнөөдөр Библи дэлхийн ихэнх хэл дээр хөрвүүлэгдсэн. Харин Библи бичигдсэн анхны хэл нь Хуучин Гэрээний хувьд еврей хэл, арамей хэл (багахан хэсэг нь) бөгөөд Шинэ Гэрээний хувьд бүхэлдээ грек хэл дээр бичигджээ.

Еврей хэл болон арамей хэл дээр бичигдсэн Библийг буюу Хуучин Гэрээг ихэнхдээ Еврей Библи гэнэ. Еврейчүүд өөрсдийн ариун бичээсээ ТаНак гэж нэрлэнэ.

ТаНак гэдэг үг нь Тора, Небиим, Кетубим гэсэн гурван үгний эхний үсэгнүүдийн нийлбэрээс бүтсэн үг ажээ. Учир нь еврейчүүд Хуучин Гэрээг буюу өөрсдийн Библээ агуулгаар нь, бичиглэлийн хэлбэрээр нь Тора, Небиим, Кетубим гэсэн гурван хэсэгт хуваан ангилдаг.

Тора гэдэг нь сургааль, заавар, хууль гэсэн утгатай бөгөөд Моисейн таван ном, Хуулийн ном, Пентатух гэж нэрлэгддэг Библийн эхний таван ном үүнд багтана.

Небиим гэдэг нь эш үзүүлэгч, Тэнгэр бурханы үгийг дамжуулагчид гэсэн утгатай үг бөгөөд ерөнхий утгаар нь авч үзвэл Аврагч ирэх тухай зөгнөлийн номууд юм.

Кетубим гэдэг нь бичээсүүд гэсэн утгатай үг бөгөөд түүх, дуу, шүлэг гэх мэтээр утга зохиолын олон төрлөөр бичигдсэн байна.

Еврейчүүд Вавилоничуудын нутагт цөлөгдөх үед тэдний дунд арамей хэл ихэд дэлгэрсэн. Учир нь арамей хэл бол тухайн үеийн Вавилони, Ойрх Дорнодын албан ёсны хэл байсан байна. Тэр үед бичигдсэн Ариун Библийн хэсгүүд буюу Даниел ном, Езра номын нэлээд хэсэг Иеремиа номын нэг эшлэл арамей хэл дээр бичигдсэн байдаг.

  • Танах Библи (Мазор) Массорах буюу өв уламжлал, гар дамжсан гэх еврей үгнээс гаралтай. Учир нь бичээч нар нь цуцахыг үл мэдэн бичээсийн уламжлагдсан утгыг хадгалахыг тулд ажилладаг байв. Эртний болон ховор үгс нь анхны эх бичигтээ эгшгийн тэмдэглэгээ байхгүй болон бусад үсгийн бичигдэх байдалтай холбоотойгоор гээгдсэн байдаг. Энэхүү эх бичвэр нь 3 хэсгээс бүрдэнэ.

1. Эхний 5 ном буюу Тора ("Заах" эсвэл "Хууль") - Израиль үндэстний гарал үүсэл, дагаж мөрдвөл зохих хууль зэргийг багтаасан номууд.

2. Нэвиим ("Мэргэд") - Израилийн түүх, аж байдлын талаар дурддаг номууд

3. Кэтувим ("Бичигч") - шүлэг найраг, гүн ухаан, амьдрах ухаан зэргийг дурддаг номууд юм. Дуулал, Иов гээд нэлээн хэдэн ном орно. Танах (Мазор) эх бичвэрийг МЭ 4-р зууны үед грек хэлнээ орчуулан хөрвүүлсэн.

  • Септуагинт бол еврей хэл дээр бичигдсэн Хуучин Гэрээ ба МЭӨ 300 оны орчим Александрт амьдарч байсан грек хэлтэй иудей судлаач грек хэлнээ орчуулсан хувилбар. Энэ нэр нь латинаар далын тооноос гаралтай, учир нь Еврей Библийг грек хэлнээ орчуулахад далан судлаач оролцсон хэмээн уламжлагдсан яриа байдаг. Түүнийг LXX гэж тэмдэглэдэг нь Ром тоогооор 70 тооны тэмдэглэгээ юм.
  • Самари Пентатух нь Самаричуудын (Израилийн хойд хэсэгт амьдарч байсан иудей гаралтай харь хүмүүс) хадгалж үлдсэн Хуучин Гэрээний эхний 5 номын эртний хувилбар. Гар бичмэлүүдийн хувилбарууд нь Вавилонийн булаан эзлэлтийн өмнө нийтийн хэрэглээнд байсан эртний еврей болон Фойнихийн бичигтэй төстэй үсгүүдтэй. Энэхүү эх бичвэр нь МЭӨ 600-700 оны үед бичигдсэн.
  • Вулгат бол МЭ 400 оны үед Гэгээн Иеромын гаргасан латин хэл дээрх стандарт Библи бөгөөд Ромын католик сүмийн шашны ёслолд ашигладаг албан ёсны хувилбар юм. МЭ 200-аад оны үед нийтийн хэрэглээний хэл аажмаар өөрчлөгдөж грек хэлнээс латин хэл рүү шилжсэн юм. Олон нийтийн хүртээл болгохын тулд энэхүү эх бичгийг бий болгох шаардлага урган гарсан.

Орчин цагийн Библи

[засварлах | кодоор засварлах]

Христийн шашны Ариун Библи нь 2 хэсгээс бүрдэнэ. Эхний хэсгийг Хуучин гэрээ гэдэг бөгөөд нийт 39 номоос бүрдэнэ. Харин удаах хэсгийг Шинэ гэрээ гэх ба 27 номоос бүрдэнэ. Шинэ гэрээний эхний 4 номыг Сайн мэдээний дөрвөн ном гэдэг бөгөөд Христийн амьдрал, сургаал, Христ итгэлийн талаар өгүүлдэг. Христийн шашны Ариун Библид Еврей Библийн ихэнх хэсгийг багтаасан боловч бага зэргийн ондоо зүйлүүд бий. Протестант урсгалыг дагагчид Ариун Библийн номоос өөрсдийн үзэл номлолдоо тааруулан засаж, хасах зэргээр одоогийн ашиглаж буй 64 ном бүхий Ариун Библийн хувилбарыг бий болгожээ. Протестант урсгалынхан Хуучин Гэрээнээс 7 номыг хассан бөгөөд Мартин Лютер Шинэ Гэрээнээс мөн зарим номыг тухайлбал Илчлэлт номыг хасч, засварлахыг оролдсон нь хүчтэй эсэргүүцэлтэй тулгарснаар протестант хувилбарын Библид хэвээр үлдээхээс өөр аргагүйд хүрчээ.

Библийн орчуулга

[засварлах | кодоор засварлах]
1631 он. Иаков вангийн хувилбарын Шинэ Гэрээ хэсгийн нүүр

Ариун Библийн маш олон хөрвүүлгүүд байдаг. Хамгийн анхны орчуулга IV зуунд эхэлсэн бол түүнээс хойш латин, грек зэрэг хэл рүү хөрвүүлж эхэлсэн. Харанхуй үе буюу Х зуунаас XIV зуун хүртэл библийн орчуулга үндсэндээ тасарсан бөгөөд Протестант хөдөлгөөнийг үндэслэгчдийн нэг герман номлогч Мартин Лютер 1534 онд герман хэл рүү библийг бүрэн орчуулан хэвлүүлсэн нь өдгөө ч хамгийн үнэ цэнтэй библийн орчуулга, шинэ үеийн гадаад орчуулгын аргачлалын үндэс суурь хэмээн үнэлэгдсээр байна. Протестант хөдөлгөөний үр дүнд даяар итгэгчид өөрсдийн эх хэл дээр библийг унших, бусад олон арван хэл дээрээ орчуулах нөр их ажлын эхлэл болсон юм. Өдгөө англи хэлээрх орчуулга хамгийн их тархсан байдаг ба Иаков Вангийн Шинэ Хувилбар, Олон Улсын Шинэ хувилбар гэх орчуулгыг англи хэлтнүүд түгээмэл ашигладаг. Монгол хэл дээр "Ариун Бичээс Нийгэмлэг"-ээс гаргасан "Ариун Библи" библийн орчуулга хамгийн түгээмэл ашигладаг.

Эхэн үеийн орчуулга

[засварлах | кодоор засварлах]
  • Вулгат буюу МЭ 4 зуунд нийтийн Латин хэл дээр орчуулсан анхны библи бөгөөд өдгөө Католик чуулган мөргөлийн ёслолдоо ашигладаг.

Англи хэл дээрх орчуулгууд

[засварлах | кодоор засварлах]
  • Иаков Вангийн Шинэ Хувилбар (New King James Version) - AV/KJV хувилбарын өгүүлбэрийн бүтцийг хэвээр хадгалсан ч үг хэллэгийг нь орчин үеийнхтэй нийцүүлэн орчуулсан Америк хувилбар.
  • Олон Улсын Шинэ Хувилбар (New International Version) - Хэлний үнэ цэнийг эх бичвэрийн үнэн зөв байдалтай хослуулахыг зорьсон. Эх хувилбаруудаас (Америкчуудын гаргасан) гадна англичилсан хувилбар болон британи хувилбар (эр, эм хүйсийг ерөнхийлөн нэрлэсэн) гэж бий.
  • Шинэ Англи Библи (New English Version) - 1960 онд Английн хэсэг эрдэмтдийн орчуулсан, орчин үеийн үг хэллэг бүхий хувилбар. Үг хэллэг ба бичлэгийн хэлбэр нь албаны бөгөөд оюунлаг шинжтэй. Энэ нь орчуулагчид нь эрдэм боловсролтой хүмүүс байсныг илтгэн харуулдаг гэж үздэг.
  • Мэдээний Библи (Message Version) - Еюган Петерсон гэдэг хүний гаргасан өөрчилсөн гэхээсээ илүү тайлбарласан хувилбар. Эх хэллэгийнх нь оронд орчин үеийн зүйрлэл, үзэл санаа болон үгэн наадгайг илүү түлхүү хэрэглэсэн.
  • Сайн Мэдээний Библи (Good News Version) - Англи хэлийг хоёрдогч хэлээ болгосон хүмүүст илүү тохиромжтой хэлбэрээр бичигдсэн орчин үеийн, уншихад дөхөм англи хэлний хувилбар. Үүнд дэлхий даяарх англи хэлээр уншдаг хүмүүсийн дийлэнхийн мэддэг энгийн үг хэллэгийг хэрэглэхийг чармайсан. Мэргэжлийн болон ярианы үг хэллэг хэрэглэхээс зайлсхийсэн өөрөөр хэлбэл хялбаршуулсан хувилбар юм.

Монгол хэл дээрх орчуулгууд

[засварлах | кодоор засварлах]

Дэлгэрэнгүй өгүүллийг та "Библийн монгол орчуулга"өгүүллээс уншина уу.

Ариун Библийн анхны монгол орчуулгыг XIII зуунд Ромын Папын Монгол эзэнт гүрэн дэх элч, католик шашны санваартнууд анх орчуулан Монголын эзэн хаадын дэмжлэгээр хэвлэжээ. 2016 онд Ариун Библийн монгол орчуулгын 710 жилийн ой тохиов. XIX зууны сүүл, XX зууны эхэн үеийн католик санваартнууд Ариун Библийг тухайн үеийн аялгуунд тохируулан шинээр орчуулах ажлыг ар болон өвөр Монголд гүйцэтгэж байв.

  • Исаак Шмидтийн орчуулга - 1812 он, 1815 онуудад хэвлэсэн Монгол эрдэмтэн Исаак Шмидтийн орчуулга. 1812 оны хувилбарыг Копенхагений Үндэсний Номын сангийн сайтаас татаж аваад унших боломжтой.
  • Сталлиборд ба Своны орчуулга - 1846 онд монгол хэлнээ хөрвүүлсэн Ариун Библийг бүрэн орчуулж Лондон хотноо хэвлэсэн хувилбар. Энэхүү Библи нь өдгөө ЛондонгийнКембрижийн Их Сургуулийн номын санд хадгалагддаг.
  • Жон Гиббенсийн орчуулга - Английн илгээлтийн эзэн Жон Гиббенсийн хөрвүүлсэн (монгол итгэгчдийн дунд "Нартай" библи нэрээр танигдсан) библи нь ХХ зууны сүүлээс ХХI зууны эхэн хүртэл хамгийн түлхүү ашиглаж байсан орчуулгын хувилбар юм. 2015 онд энэхүү орчуулгын бүрэн хувилбар нийтийн хүртээл болсон бөгөөд "Монголын Библийн Нийгэмлэг"-ээс эрхлэн гаргасан байдаг.
  • Ариун Библи орчуулга - "Ариун Бичээс Нийгэмлэг"-ээс 1999 оноос хойш засч сайжруулан гаргасаар буй, даяар монгол итгэгчдийн дунд (Католик, Зүүний Ортодокс, Протестант) хамгийн түгээмэл тархсан орчуулгын хувилбар. 2004, 2013, 2019 онуудад орчуулгын нэмж засварласан хувилбарууд гарч нийтийн хүртээл болсоор байна.
  • Китамурагийн орчуулга - Япон улсаас ирсэн илгээлтийн эзэн Китамура Акихитэгийн 1990-ээд оны дундуур орчуулан гаргасан Шинэ гэрээний орчуулга. Монгол итгэгчдийн дунд уулны зурагтай библи нэршлээр танигдсан.
  • IBT орчуулгууд - ОХУ-д оршин суудаг монгол угсааны Буриад, Халимаг итгэгчдэд зориулан Библийн Орчуулгын Институтээс (Institute of Bible Translation, IBT) гаргасан орчуулгууд. Bible.is сайтаас унших боломжтой.
  • Стандарт монгол орчуулга - "Ариун Бичээс Нийгэмлэг"-ээс эхлүүлсэн библи орчуулгын хамгийн том төсөл бөгөөд библийн эх хэл болох еврей, арамей, грек хэлнээс монгол хэл рүү орчуулж буй анхны орчуулга. Хуучин гэрээний бүх номыг бүрэн орчуулсан бөгөөд 2025 онд Шинэ гэрээний 27 номыг орчуулж дуусна хэмээн "Ариун Бичээс Нийгэмлэг"-ээс мэдэгдсэн. Android, iOS үйлдлийн системтэй ухаалаг утсан дээрээ "БиблиСМО" гэж хайн татаж аваад унших боломжтой.